Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа. Энэ хүрээнд 3-р сарын 23-ны өдрийн байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийг олгосон байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Улмаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Банкуудын олгосон ажлын байрыг дэмжих зээлийн хэмжээ гуравдугаар сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөг байсан бол, 22-ны өдөр 41.8 тэрбум төгрөг болж хурдацтай нэмэгдсэн байна. Харин урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 391.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 166.9 тэрбум төгрөгийн зээлийг 1283 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.Түүнчлэн 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гаргажээ. Цаашид, Сангийн яам цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна.