Л.Тамир: Маргааш 16 цагт газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тул айж сандрахгүй байхыг сануулж байна

2021 он гарсаар манай улсад нийт 58.000 гаруй удаагийн газар хөдлөлт болжээ. Мөн өчигдөр буюу энэ сарын 23-ны шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сум орчимд болсон газар хөдөлсөнтэй холбоотойгоор Онцгой Байдлын Ерөнхий Газраас газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл хүргэлээ.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир: Манай улсын Засгийн газраас жил бүрийн 3-р сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах арга хэмжээг зохион байгуулах өдөр болгон зарласан байдаг. Өнөөдрийн хувьд мэргэжлийн байгууллагуудтай хамтран газар хөдлөлтийн сургалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд иргэдэд газар хөдлөлтийн гамшгийг ойлгуулах, ямар хэмжээний хохирол учирдаг зэрэг олон талын мэдлэг, мэдээллийг хүргэх зорилготой сургалт явуулдаг юм. Маргааш 16:00 цагт автоматаар гамшгийн аюулаас сэргийлэх дуут дохио дуугарна. Иймээс иргэдийг айж сандрахгүй байхыг сануулъя. Түүнчлэн газар хөдлөлтийн үед барилга байгууламжуудын аюулгүйн гарц, орцыг нээлттэй байлгадаг эсэхэд онцгой байдлын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийдэг. Хэрэв аж ахуйн нэгж байгууллагад зөрчил илэрвэл зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч ажилласаар байна.