Португал автогоолоор ялж, Франц тэнцэн, Нидерланд, Хорватын багууд хожигдсон шөнө байлаа

Улаанбаатарын цагаар урьд шөнө явагдсан ДАШТ-ий Европын бүс дэх сонгон шалгаруулалтын хэсгийн эхний тоглолтуудын дүнг танилцуулья. 

ПОРТУГАЛ 1:0 АЗЕРБАЙЖАН 

Европын аваргууд Италийн Турин хотноо болсон тоглолтод Максим Медведевийн өөрийнхөө хаалганд оруулсан гоолоор хожиж ямартай ч гурван оноотой тэмцээнийг эхлүүллээ. Фернандо Сантосын Португалын шигшээ багийг удирдан байгуулсан 50 дахь ялалт байжээ. 

ФИНЛЯНД 2:2 БОСНИ-ХЕРЦЕГОВИН

Гоол ороогүй завсарласан тоглолтын хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад Миралем Пьяничийн гоолоор зочид хошуучилж эхэлсэн ч Теэму Пукки дараалсан гоолоороо тоглолтыг эргүүлж орхисон. Гэхдээ Мирослав Стеванович 84 дэх минутад тэнцүүлснээр хоёр баг оноо хуваалаа. 

ФРАНЦ 1:1 УКРАИН 

Цомыг хамгаалагчид Антуан Гриезманны 19 дэх минутад оруулсан гоёмсог гоолоор хошуучилж эхэлсэн ч хоёрдугаар хагаст Сергей Сидорчукын оролдлого амжилтад хүрч тоо тэнцсэн байна. Тэнцээний гоол франц хамгаалагч Преснел Кимпембегийн нэр дээр бичигджээ. 

БЕЛЬГИ 3:1 УЭЛЬС 

Тоглолт эхлээд удаагүй байхад Харри Уильсоны гоолоор Уэльсийн шигшээ хошуучилж эхэлсэн ч Роберто Мартинезийн багаас удалгүй Кевин де Брюйне харьцааг тэнцүүлж, улмаар Торган Азар багийнхаа удаах гоолыг толилуулснаар эхний хагас 2:1-ээр өндөрлөсөн. Харин дараагийн 45 минутад Ромелу Лукаку торгуулийн цохилтоос тоог холдуулсан юм. 

ЭСТОНИ 2:6 ЧЕХ 

Польшийн Люблин хотноо болсон тоглолтод Эстонийн баг 12 дахь минутад тэргүүлж эхэлсэн ч тоглолт завсарлахад 4:1, хоёрдугаар хагас эхлээд 10 минут болоход 6:1-ээр Чехийн баг тэргүүлж байлаа. Английн Вест Хэм Юнайтед клубийн тоглогч Томаш Соучек 32, 43, 48 дахь минутуудад дараалан гурван гоол оруулж анх удаа шигшээ багтаа хэт-трик толилуулжээ. Чехийн баг дараагийн тоглолтоо Бельгийн эсрэг хийнэ. 

ТУРК 4:2 НИДЕРЛАНД 

Талбайн эздээс Бурак Йылмаз тоглолтын эхний хоёр гоол (удаах нь торгуулийн цохилт)-ыг оруулж эхний хагас өндөрлөсөн бол Хакан Чалханоглу завсарлагааны дөнгөж дараахан тоог 3:0 болгож холдуулсан юм. Харин Голландын багаас Дэви Классен, Люк Де Йонг нар гоол оруулж тоог ойртуулсан ч тэнцүүлж чадсангүй. Эцэст нь Бурак Йылмаз хэт-трик толилуулжээ. 

КИПР 0:0 СЛОВАК

Гоол ороогүй ганц тоглолтын хувьд Словакийн багийн тоглогч, Ньюкасл клубийн хаалгач Мартин Дубравка гурван ч тун аюултай довтолгоог зогсоосон бол тоглолтын сүүлээр сэлгэгдэж талбайд гарсан Иван Шранз багтаа гурван оноо авчирах сайхан боломжоо ашиглаж чадсангүй. 

МАЛЬТА 1:3 ОРОС 

Энэ сард Словени, Словакийн багуудтай тоглох Оросын шигшээ энэ удаагийн тоглолтод Артём Зюба, Марио Фернандес нарын гоолоор тэргүүллээ. Харин тоглолт эргэн үргэлжлээд удалгүй талбайн эздээс Жозеф Мбонг тоог ойртуулсан ч тэд биш зочид дахин гоол оруулж Александер Соболев тоглолтод цэг тавьжээ. 

СЛОВЕНИ 1:0 ХОРВАТ

Хөршүүдийн сүүлийн 10 тоглолтод Словеничүүд анх удаа хожжээ. Санди Ловрич 15 дахь минутад эхний гоол оруулан улмаар Словенийн баг тэргүүллээ амжилттай хамгаалсан байна. 

Урьд шөнийн нийт тоглолтуудын дүн: 

Эй хэсэг: Португал 1:0 Азербайжан, Серби 3:2 Ирланд 

Ди хэсэг: Финлянд 2:2 Босни Херцеговин, Франц 1:1 Украин

И хэсэг: Бельги 2:1 Уэльс, Эстони 2:6 Чех

Жи хэсэг: Гибралтар 0:3 Норвеги, Латви 1:2 Монтенегро, Турк 4:2 Нидерланд

Эйч хэсэг: Кипр 0:0 Словак, Мальта 1:3 Орос, Словени 1:0 Хорват 

Мөн Улаанбаатарын цагаар өнөөдөр шөнө бусад хэсгийн эхний тоглолтууд явагдана. София, Тел Авив хотууд дахь тоглолтууд 01:00 цагаас эхлэх бол бусад нь 03:45-аас нэгэн зэрэг эхэлнэ. 

Би хэсэг: Испани /03:45/ Грек, Швед /03:45/ Гүрж  

Си хэсэг: Болгар /01:00/ Швейцар, Итали /03:45/ Умард Ирланд 

Эф хэсэг: Израил /01:00/ Дани, Молдав /03:45/ Фарерын арлууд, Шотланд /03:45/ Австри

Аи хэсэг: Андорра /03:45/ Албани, Англи /03:45/ Сан Марино, Унгар /03:45/ Польш 

Жэй хэсэг: Герман /03:45/ Исланд, Лихтенштейн /03:45/ Армени, Румын /03:45/ Умард Македон