“Ковид-19”-ийн халдварын 285 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд  13.456 хүнд “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 285 хүний сорьцод халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын тухайд бүгд халдвартай иргэний ойрын хавьтлын иргэд байсан бөгөөд 267 нь Улаанбаатар хотод, 1 нь Завхан аймагт, 1 нь Баянхонгор аймагт, 2 нь Дорноговь аймагт, 3 нь Орхон аймагт, 7 нь Дархан-Уул аймагт, 2 нь Архангай аймагт,  мөн 2 тохиолдол нь Төв аймагт бүртгэгджээ.  

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт  халдварын  тоо 5895 болоод байна. Мөн сүүлийн 24 цагт 97 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нийт эдгэрсэн хүний тоо 4044 боллоо. Одоогоор 1391 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1169 хүний биеийн байдал хөнгөн, 195 хүний биеийн байдал хүндэвтэр, 21 хүний биеийн байдал хүнд, 6 хүний биеийн байдал маш хүнд байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Бидэнд мэдэгдэж байгаагүй хамгийн өндөр тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь халдварын тоо улам нэмэгдэж, ногоон бүс байсан орон нутгуудад халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэж халдварт өвчний нөхцөл байдал улс орон даяар хүндэрч байна. Тиймээс Монгол улсын засгийн газар, Улсын Онцгой Комиссын зүгээс эдийн засгаа эрчимжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах үйл ажиллагаануудыг зэрэг явуулахын тулд аль болохоор хөл хориог тавихгүй байх бүх арга боломжийг хайж ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч дэлхий нийтэд хөл хорио тавих нь халдварын голомтыг хумих, тархалтыг сааруулах, батлагдсан тохиолдлын тоог багасгах хамгийн найдвартай арга. Иймээс хөл хориог тогтоолгохгүйн тулд иргэн бид бүгдийг хийж чадах хамгийн энгийн боловч маш үр дүнтэйгээр халдвараас сэргийлэх арга бол нэг дор олуулаа цуглахгүй байх, амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа барих, агаар сэлгэлтийг тогтмол хийх, гараа угааж ариутгах, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм барих хэрэгтэй байна. Мөн Улаанбаатар хот тэр чигтээ халдварын голомт болсон. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын хүн амын дунд халдвар өргөн тархсан. Иймээс бид аль нэг хороо, байр, гудамжийг халдварын эрсдэлтэй голомт гэж зарлахгүй байгаа. Учир нь хотын өөр нэг хэсэгт байгаа иргэдэд хуурамч аюулгүй байдал үүсгэж тухайн иргэд халдвар хамгааллын дэглэмийг сулруулах эрсдэлтэй учир халдвар гарсан хэсгийн тухай зарлахгүй байгаа.

Мөн иргэд хөдөө орон нутаг 72 цагийн доторх PCR шинжилгээний хариуг үндэслэн зорчиж байгаа боловч тухайн сөрөг гэсэн шинжилгээний хариу халдваргүй гэдгийг илэрхийлэхгүй гэдгийг санах хэрэгтэй гэв. Иймээс аймаг орон нутгийн онцгой комисс Улаанбаатар хотоос зорчин очиж буй иргэдийг 14 хоног гэрийн хяналтад байлгах, хяналт, тандалтыг сайжруулах нь аймаг орон нутагтаа халдвар алдахгүй байх нөхцөл гэдгийг онцоллоо.

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: Халдварт өвчин гэдэг хэн нэгэнтэй хавьтал болсноор үүсэж тархдаг өвчин. Мэргэжлийн эрдэмтэн судлаачид нэг хүн халдвар авахад цаана нь дөрвөн хүн зэрэг халдвараар өвчлөх эрсдэлтэйг хэлж байгаа. Хэдийгээр бид хүн хоорондын зайг барьж байгаа ч агаар сэлгэлтгүй битүү орчинд амны хаалтгүй харьцах, гар барих зэргээс шалтгаалж халдвар тархаж байна. Иймээс хэн нэгэнтэй ойроос харьцахгүй байхыг анхаарах хэрэгтэй байна. Мөн гэртээ хүн урихгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд тодорхой хэмжээний хязгаарлалт хийж зохион байгуулах зайлшгүй шаардлага байгааг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн халдвар авсан хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй байхын анхаарах шаардлагатай.

Харин халдвар авсан иргэдийг насаар нь авч үзвэл 25-44 насны, хүйсийн хувьд эмэгтэйчүүд болон нийгмийн идэвхтэй бүлэг болох хөдөлмөрлөх насны иргэд хамгийн их халдвар авч байна. Тэгвэл 60-аас дээш насны өвтөнүүд хамгийн их хүндрэх, нас барах эрсдэлтэй байгаа гэлээ. Иймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахихыг Эрүүл Мэндийн Яамнаас анхаарууллаа.