Зепп Блаттерт зургаан жил найман сарын хориг, нэг сая швейцар франкын торгууль ногдуулжээ 

ОУХБХ/ФИФА/-ны Ёс зүйн хорооноос тус байгууллагын ерөнхийлөгч асан Зепп Блаттерт зургаан жил найман сарын хөл бөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх шинэ хориг тавьж, нэг сая швейцар франкаар торгох шийтгэл оноожээ. Блаттерт ногдуулсан одоогийн хориг ирэх 10-р сард дуусах байсан ч үргэлжлүүлэн шинэ хориг хэрэгжиж эхлэх юм байна. Мөн ОУХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан Жером Валькед мөн адил хориг тавьж, торгууль ногдуулсан байна. Тэдэнд анх 2015 онд хориг тавьж байсан юм. Улмаар 2016 онд тэдэнд оноосон хөлбөмбөгийн спорттой холбоотой аливаа  нэг үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан 8 жилийн хугацааг 6 жил  болгон богиносгож байлаа. Одоо тэд 21 хоногийн дотор шинэ хоригийн эсрэг гомдол мэдүүлэх боломжтой юм байна. ФИФА-гийн ёс зүйн хороо 85 настай Блаттерыг үнэнч байх, ашиг сонирхлын зөрчил, авлига авах болон бусдад санал болгохтой холбоотой дүрмийг зөрчсөн гэж үзжээ. Мөн 60 настай Валькег ч тус ёс зүйн дүрмүүдийг зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан болохыг нь тогтоожээ.