Энэ сарын 24-ны өдрийн 21 цагийн байдлаар нийслэлд вакцинжуулалтын 43 цэгт 10773 иргэнийг вакцинжуулалтад хамруулжээ. Харин Өмнөговь аймгийн 9 сумдад нийт 731 иргэнийг вакцинжуулалтад хамруулснаар тус аймгийн вакцинжуулалтад хамрагдсан иргэний тоо 7061 боллоо. Ингэснээр манай улс 244.550 иргэнийг вакцинжуулалтын эхний тунд хамруулаад байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Өчигдөр манай улсад “Пфайзер-Бионтек” вакцины нийт 25.000 тун буусан бөгөөд тус вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулахаар төлөвлөсөн байгаа. Тодруулбал “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай нийт 12.870 иргэнийг вакцинжуулах төлөвлөгөө гаргасан.
“Пфайзер-Бионтех” вакцинд хамрагдах зорилтот бүлэг:
1. Гемодиализ /хамрагдах хүний тоо 690/
2. Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн /хамрагдах хүний тоо 1547/
3. ХДХВ халдвартай хүмүүс /хамрагдах хүний тоо 260/
4. Хавдартай /хамрагдах хүний тоо 10.373/
Мөн манай улсын хувьд олдоц өндөртэй, хамгийн их үйлдвэрлэгдэж байгаа ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакциныг хэрэглэж байгаа учраас иргэдийг вакцинуудыг хооронд харьцуулж сайн, муу гэж ялгахгүй байхыг санууллаа.