“Ковид-19”-ийн халдвар дотоодод гарснаас хойш хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14.936 хүнд “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 437 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь дотоодод халдвар тархсан цагаас хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болоод байгаа юм. Шинээр нэмэгдсэн тохиолдлуудын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Дархан-Уул аймагт 6, Орхон аймагт 18, Дорноговьд 3, Төв аймагт 26, Хөвсгөл аймагт 5, Өвөрхангай аймагт 3, Хэнтий аймагт 6 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо нийт 6332 болж байна. Харин дотоодод бүртгэгдсэн халдварын батлагдсан тохиолдлын тоо 5796 болсон бол Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлын тоо нийт 5287 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 106 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4150 болсон байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1462 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр иргэдийг биеийн байдлаар нь авч үзвэл хөнгөн 1243, хүндэвтэр 194, хүнд 18, маш хүнд 7 өвчтөн байгаа юм.  

Ж.Байгалмаа ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга: Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд аль болох нийгмийн харилцаагаа багасгах шаардлагатай. Амралтын өдрийг гэртээ өнгөрөөх, айл хэсэхгүй байх, гэртээ зочин урихгүй байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй.  

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: Халдварын голомт маш өргөн хүрээтэй тархсан байна. Шинээр нэмэгдэж буй халдварын батлагдсан тохиолдлын дийлэнх хувийг ойрын хавьтал болсон иргэд эзэлж байгаа. Иймд иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байж, олон хүнтэй контакт үүсгэлгүй, ойр ойрхон маскаа солин халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай.