МҮХАҮТ нийт бизнес эрхлэгчдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ажиллахыг уриаллаа

МҮХАҮТ ”Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт бизнес эрхлэгчдэд хандан уриалга гаргалаа. МҮХАҮТ цар тахлын нөлөөгөөр хөл хорио тогтоовол аж ахуйн нэгжүүд, иргэдийн амьдралд ямар эрсдэл үүсэх талаар өнгөрөгч 12-р сард судалгаа хийсэн. Уг судалгаагаар 152.000 хүн ажлын байргүй болно гэсэн тооцоо гарчээ. Тиймээс хатуу хөл хорио тогтоохгүйгээр, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ажиллахыг нийт бизнес эрхлэгчдэд хандан уриаллаа.


НИЙТ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН УРИАЛГА ГАРГАХ НЬ:

Дэлхий дахинд цар тахлын улмаас хүний эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн хувьд маш хүнд сорилт тулгарсан 2020 оныг Монголчууд бид бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы дунд УИХ-ын сонгууль, шинэ Засгийн газар байгуулах зэрэг нийгэм, улс төрийн олон үйл явдал, эдийн засаг, бизнесийн олон тулгамдсан асуудал бэрхшээлтэйгээр ардаа орхиосон.

 Монгол улс цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг төр засаг ба хувийн хэвшлийн аль алинд нь ногдож буй хариуцлагатай цаг үед эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа аврахад онцгой анхаарах нэн шаардлагатай байгаа билээ. Харин сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдэж, аймгуудад халдвар тархаж эхэлсэн нь халдварын тархалтын улаан түвшинд шилжин хатуу хөл хорио тогтоох эрсдэлийг бий болголоо.

 Иймд байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн ажиллагсад, үйлчлүүлэгчдийг халдвараас сэргийлэх, халдварыг тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн тогтоосон дэг журмыг чанд сахих замаар бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулахад, цаашилбал эдийн засгаа хамгаалахад хувь нэмрээ оруулахыг нийт бизнес эрхлэгчдэд хандан уриалж байна. Бизнесийнхэн бид өндөр хариуцлагатай байснаар бизнесээ хамгаалж, эдийн засгаа аврах болно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД