“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг 7-р сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж байгаа “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Като Такэотай цахим уулзалт зохион байгуулжээ. Тус уулзалтаар холбогдох хүмүүс “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцсон юм. Шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж байгаа компанийн зүгээс нисэх буудалд шилжүүлэн авч ажиллуулах ажилтнууд болон энэхүү ажилтай холбоотой хийгдэж буй үйл ажиллагааны явц, мөн арилжааны нислэгийг шилжүүлэх төлөвлөгөөний талаар танилцуулжээ. Харин зам тээврийн хөгжлийн сайдын зүгээс арилжааны нислэгийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг концессын гэрээ болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын улмаас “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг энэ оны 07-р сарын 01-нд багтаан эхлүүлэх шийдвэрийг Монгол улсын Засгийн газраас гаргасан юм. Одоогийн байдлаар дээрх хугацаанд багтаан ашиглалтад оруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.