Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг Нарантуул олон улсын төвд 8000 орчим түрээслэгчид худалдаа, үйлчилгээ эрхлэн иргэдэд үйлчилж байгаагаас задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан задгай талбайд худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлүүлжээ.