МотоЖиПи уралдааны эхний гран прид Маверик Виналес түрүүллээ 

Мотоциклийн ДАШТ-ий шинэ улирал Катарт эхэлж МотоЖиПи ангилалд испанийн тамирчин Маверик Виналес түрүүлжээ. Японы Монстер Энержи Ямаха багийн испани мотоцикльч байрлал тогтоох гараанд гуравдугаарт эрэмбэлэгдэн уралдааныг эхлүүлсэн бол Дукати Леново багаас итали тамирчин Франческо Баньяя хамгийн урдаас, Маверик Виналесийн багийн хамтрагч, итали уралдаанч Фабио Куартараро удаах байрлалаас уралдсан байна. Итали эр эцэст нь тавдугаарт орсон юм. Харин өнгөрсөн жилийн дэлхийн аварга, японы Сүзүки Экстар багийн испани мотоцикльч Хуан Мир 10-р байрлалаас уралдан сүүлийн тойрогт шагналын байрлалаа алдаж дөрөвт орлоо. 22 тойрог уралдааны төгсгөлд Маверик Виналес 42 минут 28.663 секундээр тэргүүлсэн бол дукатигаар уралдаж буй Прамак Рэйсинг багийн франц тамирчин Йоханн Зарко 1.092 секундээр хоцорч аман хүзүүд, Франческо Баньяя 1.129 секундээр хоцорт гуравт орлоо. Маверик Виналес уралдааны үеэр хамгийн хурдан тойрог замыг туулжээ. 

Катарын уралдаан өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан. Түүхэнд нь Хорхе Лорензо гурав түрүүлсэн амжилттай байдаг бол Маверик Виналес өмнө нь 2017 онд түрүүлж байлаа. 26 настай испани эр өнгөрсөн жил МотоЖиПи-д эхний хоёр гран прид дараалан аман хүзүүдэж, хожим нь Италид нэг түрүүлэн нийлбэр дүнгээр 132 оноотой зургаад орсон юм. 2020 онд Хуан Мир 171 оноотой түрүүлж байлаа. 

Маверик Виналес уралдааны дараа “Гараа сайн байгаагүй ч дараа нь надад урагшлах боломжтой санагдсан. Би зөв цаг хүлээж дугуйгаа хэмнэсэн. Аль болох ухаалаг, тайван, хэрэгтэй үед нь хурдаа нэмэхийг хичээж уралдсан” хэмээн ярьсан байна. 

2013 оны Мото3 ангиллын аварга тэрбээр 2015 оноос хойш МотоЖиПи-д уралдаж ес дэх түрүүлээ хүртсэн байна. Ийнхүү 25 оноотой мотоциклийн ДАШТ-ий МотоЖиПи ангилалд тэргүүлж байгаа бол Йоханн Зарко 20, Франческо Баньяя 16, Хуан Мир 13, Фабио Куартараро 11, Алекс Ринс 10 оноо аваад байна. Харин зохион бүтээгчдийн ангилалд Дукати 50 оноотой тэргүүлж, Ямаха 40, Сүзүки 23 оноотой удаалж байна. 

Мотоциклийн ДАШТ-ий энэ жилийн эхний хоёр гараа Катарт болно. Аргентин, Америкийн гран при уралдаанууд хойшлогдож, одоогоор 11-р сарын дунд хүртэл 11 гран при зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа юм. Мөн нөөцөд Индонезийн гран при байгаа юм. Өнгөрсөн жил цар тахлын улмаас 14 гран при болж байлаа. 

Хоёр дахь гран при дөрөвдүгээр сарын 4-нд болно.