КОНКАКАФ бүсээс Мексик, Хондурасын багууд олимпын эрхээ авчээ 

Олимпын наадмын хөл бөмбөгийн тэмцээнд оролцох багуудын Хойд Америкийн бүс дэх сонгон шалгаруулалт явагдаж Мексик болон Хондурасын багууд эрхээ авчээ. Тодруулбал КОНКАКАФ-ын бүс буюу умард, төв америк, карибын тэнгисийн орнуудын 23 хүртэлх насны 8 баг Мексик улсад болж буй тэмцээнд өрсөлдсөн байна. Тэмцээн 2020 оны өдийд болох байсан ч цар тахлын тархалтын улмаас хойшлоод байлаа. Мөн энэ бол Токио 2020 олимпын наадмын эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнд оролцох эрхийн төлөөх сүүлийн сонгон шалгаруулалт байсан юм. Учир нь Европоос Франц, Герман, Румын, Испани, Далайн орнуудын бүсээс Шинэ Зеланд, Африк тивийн Египет, Кот Д’Ивор, Өмнөд Африк, Азийн бүсээс Австрали, Саудын Араб, Өмнөд Солонгосын багууд оролцох нь 2019 онд тодорхой болоод байсан бол өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Өмнөд Америкаас Аргентин, Бразилын багууд шалгарсан юм. 

Харин Хойд Америкийн хувьд сонгон шалгаруулалтын тэмцээний аваргын төлөө тунасан хоёр баг олимпын эрхээ авах байлаа. Мексик, Хондурасын багуудын аль аль нь хожигдолгүй финалд шалгарч, ялангуяа Мексикийн залуус бүх тоглолтдоо хожсон, дөрвөн тоглолтод ганц л гоол алдаж, 10 гоол оруулсан үзүүлэлттэй шөвгөрөөд байгаа юм. Мексикийн баг түүхэндээ 11, Хондурас 4 дэх удаагаа олимпын наадамд оролцохоор болсон байна. 2012 оны Лондонгийн олимпын наадамд Мексикийн шигшээ түрүүлж байсан бол 2016 онд Хондурасын баг дөрөвдүгээр байрт орж байлаа. Энэ удаад тэдний хооронд явагдах аваргын төлөөх тоглолтоо Улаанбаатарын цагаар 3-р сарын 31-ны өглөө 09:00 цагаас хийнэ.