2024 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүний 55 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 1.95 сая тонн байдаг байна. Энэ хэрэглээг 100 хувь импортоор хангадаг ба үүнд жил бүр 1.0 тэрбум доллар зарцуулдаг юм байна. Тэгвэл 2024 он гэхэд газрын тосны хэрэглээ 2.5 сая тонн болж өсөх тооцоололтой байгаа бөгөөд үүнийг дагаад гадагш чиглэсэн долларын урсгал ч нэмэгдэнэ. Иймд импортын бүтгээгдэхүүний өртгийг багасгах зорилгоор Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байна. Уг төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, резеруар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замаас бүрдэх юм. Түүнчлэн тус үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдөжээ. Мөн 824 мянган тонн дизель түлш, 339 мянган тонн авто бензин, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган тонн зуухны түлш, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж дотоодын газрын тос бүтээгдэхүүний 55 хувийг хангадаг болох юм байна. Одоогийн байдлаар Бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд төсөл хэрэгжих явцад 6 мянга орчим, үйлдвэр ашиглалтад орсны дараа тогтмол 600 ажлын байр шинээр бий болно гэж холбогдох мэргэжилтнүүд тооцоолжээ.