4-р сарын 2-ны өдрөөс эхлэн вакцины давтан тунг хийж эхэлнэ

Энэ сарын 29-ний өдрийн 20 цагийн байдлаар улсын хэмжээнд 290.108 иргэнийг вакцинжуулалтын эхний тунд хамруулаад байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Вакцины давтан тунг 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн хийнэ. Тухайлбал 4-р сарын 2-ны өдөр болон тус сарын сүүлээр Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 300.000 тунг татан авах бөгөөд нийтдээ 900.000 тунг оруулж ирэх юм. Мөн Спутник-В вакцины  1.000.000 тунг татан авах төлөвлөгөөтэй байна. Вакцинжуулалтын эхний  тунд хамрагдсан иргэдийн гар утсанд мессэж очиж байгаа бөгөөд 2 дахь тунгаа хийлгэх өдрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг илгээнэ.

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Хатуу хөл хорио тогтоож магадгүй байгаатай холбоотойгоор вакцинжуулалтыг илүү эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн хатуу хөл хорионы үед ч вакцинжуулалтыг үргэлжлүүлэх бөгөөд тодорхой зохион байгуулалтын хүрээнд иргэдийн гэрийн ойр орчимд байрших цэгүүдээр вакцинжуулалтыг хийх юм. Иймээс иргэд гар утсанд ирсэн мессэжид заасан хугацаанд вакцинд хамрагдах шаардлагатай.