Тусгаарлах байр болон бусад техникийн нөхцөл байдлаас шалтгаалж 4-р сард хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулбал,
-4-р сарын 5-нд төлөвлөж байсан Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 4-р сарын 6-ны орой,
-4-р сарын 6-нд төлөвлөж байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 4-р сарын 7-нд,
-4-р сарын 14-ний Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг Солонгосын Асиана Эйрланс компани үйлдэнэ,
-4-р сарын 26-нд төлөвлөж байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн “Кореан Эйр” компанийн нислэгийг иргэд болон тус компанийн хүсэлтийн дагуу 4-р сарын 28-нд болгож нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Харин нислэгийн тийзийн үнийн тухайд “УОК-ын 2-р сарын ээлжит хурлаар МИАТ компанийг тусгай үүргийн нислэгийн тийзийн үнээ хямдруулах үүрэг чиглэл өгсөн. МИАТ компани 3-р сараас хойших тусгай үүргийн нислэгийн тийзийн үнээ 15 хувиар бууруулсан. Бид гадаад улсуудын авиа компаниудын нислэгийг ирэх 4-р сараас эхлэн хүлээж авах болсонтой холбоотойгоор уулзалт хийхдээ тийзийн үнээ хямдруулах санал тавьсан” гэлээ.
Монгол Улсын Засгийн газар агаарын хилийг 5-р сарын 1-ний өдрөөс шат дараатай нээхээр төлөвлөж байгаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх 4-р сард Сөүлээс бусад чиглэлийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд авиа компаниудад хандан худалдан авах энгийн горимд шилжихээр болжээ. Зөвхөн транзит зорчигч авах 4-р сарын 23-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэд ч энгийн горимоор тийзээ авна.
Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх иргэд 4-р сарын 14-нд “Асиана Эйрлайнс” ХХК, 4-р сарын 28-нд “Кореан Эйр” компанид хандан, тийзээ захиалах боломжтой. Харин МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигчийн нэрсийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан иргэдийн гаргасан өргөдлийн дарааллаар Сөүл дэх МИАТ компанийн төлөөлөгчийн газарт хүргүүлж баталгаажуулах юм. Монгол Улс өнөөдрийн байдлаар гадаадын 93 улсаас 31168 иргэнээ татан аваад байна.