УИХ-ын гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонголоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28-р зүйлийн 28.8-д “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох”, мөн зүйлийн 28.9-д “Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан байдаг байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлж, санал хураалт явуулсан байна. Санал хураалтаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжжээ. Ингэснээр Дэд хорооны гишүүн Г.Ганболд Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгогдсон байна.