Хөл хорио тогтоохгүй бол цар тахлын тархалт 6-р сард одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг ХӨСҮТ-өөс танилцууллаа 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ болон Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ажилтай танилцлаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр Ковид-19-ийн халдварын тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, хөл хорио тогтоохгүй бол тархалт 6-р сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан байна.

УОК-оос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин 2021 оны 4-р сарын 3-18-нд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн "Улаан" түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос 4-р сарын 3-18-нд хөл хорио тавих санал гаргасан. Хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үеэр “Нэг хаалга - нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ удаад хөл хорио тогтоовол 4-р сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.

Харин ХСҮТ-д энэ сарын 26-аас хавдартай иргэдэд пфайзерын вакцин тарьж эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд мөн тус ажлын явцтай танилцлаа. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25.740 тун пфайзерын вакциныг эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд хийж эхлээд байгаа. ХСҮТ-ийн эмч нарын мэдээлснээр, вакцинд хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдаагүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, хяналтад байна.