Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан байна. Энэ үеэр цар тахалтай тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргээд, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсноо мэдээлжээ. Тодруулбал “Ковид 19”-ийн эсрэг ажиллаж байгаа 2230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх юм байна. Мөн тус үеэр ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болгожээ.