1.900.000 иргэнээ вакцинд хамруулахад 4.030.560 тун вакцин шаардлагатай

- Монгол улс хүн амынхаа 60 хувь буюу 1.9 сая иргэнээ Ковид-19-ийн эсрэг вакцинд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

- Энэ хүрээнд манай улсад нийт 4 сая 30.560 тун вакцин шаардлагатай.

- Үүнээс 2 сарын 22-нд энэтхэг улсын “Астразенека” вакцины 150 мянган тун, БНХАУ-ын “Виросел” вакцины 300 мянган тун вакциныг хүлээн авсан бол 2-р сарын 27-нд “Спутник-В” вакцины 20 мянган тун, гуравдугаар сарын 12-нд Астразенека вакцины 14400 тунг, 3-р сарын 24-нд Астразенека вакцины 25740 тунг хүлээж авчээ.

- Ингэснээр нийтдээ 509740 тун вакцин хүлээж аваад байгаа юм. Энэ нь манай улсад шаардлагатай вакцины тунгийн 13 %-тай тэнцэж байна.

Иргэд чухам аль вакциныг хандиваар аваад, хэдийг нь худалдаж аваад байгааг төдийлөн мэдэхгүй байгаа. Тиймээс цаашид хийх вакцины татан авалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон дархлаажуулалтын ажлын явцын мэдээллийг хүргэе.

Монгол улс хоёрдугаар сарын 22-нд хандиваар 450 мянган тун вакцин хүлээн авснаар хоёрдугаар сарын 23-нд “Ковид 19”-ийн эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. Мөн ковакс хөтөлбөрийн хүрээнд буюу хандиваар 40140 вакцин хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл ОХУ-аас авсан 20000 тун “Спутник В” вакцинаас бусдыг хандиваар аваад байгаа юм. Өнөөдрийн байдлаар эдгээр вакцинаар манай улс 311 мянган иргэнээ вакцины эхний тунд хамруулаад байна. Спутник, Синофарм вакцины 2 дахь тунг 28 хоногийн зайтай хийж байгаа бөгөөд энэ сарын 10-наас 2 дахь тунг хийж эхэлнэ. Харин Астразенека вакцины хоёр дахь тунг ДЭМБ-ын зөвлөснөөр 8 долоо хоногийн зайтай хийж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 21-нээс 2 дахь тунг хийж эхэлнэ. Тэгвэл одоогийн байгаа вакцин хоёр дахь тун болон эхний тунгийн вакцинжуулалт зэрэг хийгдэхэд хүрэлцэхгүй. Тиймээс дөрөвдүгээр сардаа багтааж нэг сая нэг зуун мянган иргэнээ вакцинжуулах 2 сая 200 мянган тун вакцин хүлээж авахаар төлөвлөж байна. Вакцины төрөл тоо хэмжээг авч үзвэл:

-ОХУ-ын Спутник в вакцинаас 1,000,000 тун

-БНХАУ-ын Виросел вакцинаас 900,000 тун

-Астразенека вакцинаас 300,000 тунг худалдаж авахаар төлөвлөж байгаа бол

-Астразенека вакцины 97600 тунг Ковакс хөтөлбөрийн 3 дахь нийлүүлэлтээр хүлээж авах юм байна.