3 дугаар сарын 31-ний өдөр Засгийн Газрын ээлжит хуралдаан болж, 2021 оны 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах тухай шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор энэ сарын 3-ны өдрөөс эхлэн зах худалдааны төвүүд нийт талбайн 30-аас хэтрэхгүй хэсэгт үйл ажиллагаа явуулах бөгөөд 20 цаг хүртэл үйл ажиллагаа явуулна. Харин амралтын өдрүүдэд ажиллахгүй байх шийдвэр гараад байгаа юм. Тэгвэл уг шийдвэрийг цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл зарим зах худалдааны төвүүд дээрх шийдвэртэй холбоотойгоор үйл ажиллагаандаа хэрхэн хязгаарлалт хийж байгаа талаар тодрууллаа. Тэдний хувьд одоогоор цар тахлын нөлөөнөөс шалтгаалж 30-40 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тул үйл ажиллагаанд хязгаарлалт хийхэд асуудал байхгүй гэсэн юм. Харин нэгдсэн байдлаар долоо хоногт 2-3 удаа ариутгал халдваргүйтгэл хийж ажиллах юм байна. Түүнчлэн худалдааны төвүүд дэх хоол үйлдвэрлэл, зоогийн газрын дотор талбайд үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд зөвхөн зах худалдааны төвд ажиллаж байгаа түрээслэгч, ажилтнуудад хүргэлтээр хоол хүргэж үйлчлэхээр болжээ.
Мөн засгийн газраас зөвхөн ажлын өдрүүдээр ажиллахын зэрэгцээ, ажлын цагаар үйлчилгээ үзүүлэх тухай чиглэлийг ирүүлж байгаа нь бодит байдал дээрээ худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийн хувьд орлогогүй ажиллахад хүргэж байгааг хэллээ. Энэ байдал удаан үргэлжилбэл нийт иргэдийн худалдан авах чадвар сайжрах хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байхад ч хүргэхээр байна гэсэн юм.