Хүний шүлснээс “Ковид-19” вирусийг илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Корона вирусийг илрүүлэх оношлуурыг албан ёсоор хэрэглэж эхэллээ. Уг оношлуур нь хамар, залгиураас арчдас авах шинжилгээний өртгөөс 2.5 дахин хямд төдийгүй шинжилгээний хариу ердөө 2-3 цагийн дотор гарах боломжтой юм байна. Монгол улсын Засгийн Газар, улсын онцгой комисс, эрүүл мэндийн яам, боловсрол шинжлэх ухааны яамны дэмжлэгээр байгуулагдсан эмнэл зүйн молекул оношилгооны төвийн дэргэд АШУҮИС-ийн 8 эрдэмтнээс бүрдсэн баг, мөн ХБНГУ-ын Мюнхны технологийн их сургуулийн эрдэмтдийн багтай хамтран хүний шүлснээс Корона вирусийг илрүүлэх оношлуурыг бүтээх ажлыг өнгөрөгч оны 12 сард эхлүүлжээ. Тэгвэл уг оношлуурыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд УОК-оос 109 сая төгрөгийн санхүүжилт олгож, таван удаагийн шалгуурыг дамжсаны эцэст хэрэглээнд нэвтрүүллээ. Тухайн оношлуур нь эрдэмтдийн судалгаагаар мэдрэг болон өвөрмөц чанар нь 100 хувь нийцсэн. Мөн нэг шинжилгээний оношлуурын өртөг нь 31200 төргөг төдийгүй тус лаборатори жижиг хэрэгслийг хангалттай бэлдсэн тохиолдолд өдөрт 15000-20000 нэгж оношлуур угсрах боломжтой юм байна. Одоогийн байдлаар шүлснээс Корона вирусийг илрүүлэх 3000 ширхэг оношлуур байгаа төдийгүй цаашид уг тоог нэмэгдүүлж, эмнэл зүйн молекул оношилгооны төвөөс гадна Нийслэл орон нутгийн бусад шинжилгээний цэгүүдэд хүртээхээр зорьж байгаа юм байна.