Манай улс нийт 809.740 тун буюу шаардлагатай вакцины тунгийн 20%-ийг хүлээж аваад байна

Монгол улс хүн амынхаа 60 хувь буюу 1.9 сая иргэнээ “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамруулахад нийт 4 сая 30.560 тун вакцин шаардлагатай. Үүнээс өнөөдрийн байдлаар нийт 809.740 тун вакцин хүлээж аваад байгаа нь манай улсад шаардлагатай вакцины тунгийн 20 %-тай тэнцэж байгаа юм. 

Монгол улс хоёрдугаар сарын 22-нд хандиваар  Энэтхэг улсаас “Астразенека” вакцины 150 мянган тун, БНХАУ-аас  “Виросел” вакцины 300 мянган тун вакциныг хүлээн авснаар хоёрдугаар сарын 23-нд “Ковид 19”-ийн эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. 2-р сарын 27-нд ОХУ-аас “Спутник-В” вакцины 20 мянган тунг хандиваар,  гуравдугаар сарын 12-нд Астразенека вакцины 14400 тунг, 3-р сарын 24-нд Астразенека вакцины 25740 тунг “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд хүлээж авчээ. Харин энэ сарын 2нд манай улс анх удаа арилжааны шугамаар Бнхау-аас 300 мянган тун Вероселл вакцин хүлээж авлаа. Өнөөдрийн байдлаар эдгээр вакцинаар манай улс 346 мянган иргэнээ вакцины эхний тунд хамруулаад байна. Үүнээс вакцины эхний тундаа хамрагдсан ч халдвар авсан 532 хүн байна. 

Спутник, синофарм вакцины 2 дахь тунг 28 хоногийн зайтай хийж байгаа бөгөөд энэ сарын 10-наас 2 дахь тунг хийж эхэлнэ. Харин Астразенека вакцины хоёрдахь тунг ДЭМБ-ын зөвлөснөөр 8 долоо хоногийн зайтай хийж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 21-нээс 2 дахь тунг хийж эхэлнэ.

Тэгвэл одоогийн байгаа вакцин хоёрдахь тун болон эхний тунгийн вакцинжуулалт зэрэг хийгдэхэд хүрэлцэхгүй. Тиймээс энэ сардаа багтааж нэг сая нэг зуун мянган иргэнээ вакцинжуулах 2 сая 200 мянган тун вакцин хүлээж авахаар төлөвлөснөөс БНХАУ-аас эхний ээлжийн 300 мянган тун вакциныг хүлээж аваад байна. Цаашид хүлээж авах вакцины төрөл тоо хэмжээг авч үзвэл:

-ОХУ-ын “Спутник-В” вакцинаас 1 сая тун

-БНХАУ-ын “Веросел” вакцинаас 600 мянган тун 

-Астразенека вакцинаас 300,000 тунг худалдаж авахаар төлөвлөж байгаа бол

-Астразенека вакцины 97600 тунг ковакс хөтөлбөрийн 3 дахь нийлүүлэлтээр хүлээж авах юм байна.