Суэцийн суваг зургаан хоног хаагдсаны улмаас дэлхийн худалдаанд 6-10 тэрбум ам.долларын хохирол учиржээ

Өнгөрөгч 3-р сарын 23-ны өдрөөс 29-ны өдөр хүртэл суэцийн сувагт гацсан “Эвэргрийн” корпорацын “Эвэргивен” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцыг гаргах ажлыг нэг тэрбум ам. Доллароор үнэлнэ гэж тус сувгийн захиргааны дарга Усама рабиа мэдэгджээ. Ослын шалтгааныг тодруулах ажил эхэлсэн бөгөөд хөлөг онгоц хайрагдаж гацсан өдрөөс эхлэн гарсан бүх зардлыг тооцоолно гэж тэрбээр мэдэгдсэн байна. 6 өдөр 7 шөнийн турш гацсан “Эвэргивен” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц нь дэлхийд хамгийн томд тооцогдох онгоцнуудын нэг бөгөөд 400 метрийн урттай, 59 метр өргөн, 224 мянга орчим тоннын даацтай юм. Тус чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд БНХАУ-аас роттердам хүрэх замдаа суэцийн сувгийн 151-р км-т хайргадаж, бусад хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хаасан юм. Хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин муудаж, хөлөг онгоцны багийнхан удирдлагын хяналтаа алдсан байх магадлалтай юм. Тэгвэл суэцийн сувгийн захиргааны дарга Усама Рабиа ослын шалтгааныг тодруулах болтол “Эвэргивен” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц сувгийг орхиж явахгүй бөгөөд өдөр шөнөгүй ажиллуулсан чирэгч болон ёроол ухагч хөлөг онгоцнуудын ажиллагааны зардлыг гаргана гэж мэдэгджээ. Урьдчилан тооцоолсноор, хохирлын хэмжээ 1 тэрбум ам.долларт хүрч байна. Харин суэцийн суваг 6 хоног хаагдсаны улмаас дэлхийн худалдаанд 6-10 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж ХБНГУ-д төвтэй олон улсын санхүүгийн аллианз компани тооцоолжээ. Тус байгууллагаас сул зогсож байгаа чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцнуудын ашиглалтын зардал өдөрт 3.25 сая орчим ам.долларт хүрэх бол нефть тээвэрлэгч хөлөг онгоцнуудын хувьд 500 мянга орчим ам.доллар болно гэж тооцоолсон байна. Харин Тайванийн санхүү, эдийн засгийн “коммершиал таймс” сонин суэцийн сувгийн хөдөлгөөн хаагдах үед цаг тутамд 400 сая ам.долларын алдагдал учирч байгаа гэж  тооцоолжээ.