Биеэр очиж вакцинд хамрагдах боломжгүй ахмадуудыг 5-р сарын 1-ээс хойш гэрт нь очиж дархлаажуулна

5 дугаар сарын нэгэн гэхэд нийслэлийн хэмжээн дэх 18-аас дээш насны иргэдийг вакцинжуулж дуусгахаар төлөвлөж байгаа. Дээрх насны иргэдийг вакцинжуулж дууссаны дараа бие дааж гадагш гарах чадваргүй, асаргаа халамжид байгаа 50-аас дээш насны иргэдийг гэрт нь вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд ахмадын эмнэлгийн хяналтад байдаг 50-аас дээш насны бие дааж гадагш гарах чадваргүй, асаргаанд байгаа нийт 6895 иргэн байна. Тэдгээр иргэд хэзээнээс вакцинд хамрагдах боломжтой талаараа мэдээлэлгүй байна гэсэн юм. Тэгвэл 5 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 50-аас дээш насны бие дааж гадагш гарах чадваргүй, асаргаа халамжид байдаг иргэдэд явуулын баг гэрт нь очиж вакцинжуулалтад хамруулахаар болжээ. Харин бусад 50-аас дээш насны иргэд харьяа дүүргийнхээ вакцинжуулалтын цэгт очиж вакциндаа хамрагдах юм. Хэрэв ахмадын эмнэлгийн хяналтад байдаггүй боловч гэртээ асаргаанд байдаг хөдөлгөөн хийх чадваргүй иргэдийн хувьд дүүргийн эмнэлэгт хүсэлт гаргаж, бүртгүүлснээр гэрээр вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм байна. Иймээс ахмадын эмнэлгийн хяналтад байгаа, гэрээр вакцинжуулалтад хамрагдах иргэд нийт хүн амыг вакцинжуулж дуусах хүртэл хүлээхийг эрүүл мэндийн яамнаас санууллаа.