Нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэх асуудлыг шүүхийн ёс зүйн хороо 30 хоногийн дотор эцэслэнэ

Өнгөрөгч 2-р сарын 21-нд хууль, шүүхийн байгууллагад ажилладаг гэж мэдээлэгдсэн төрийн тусгай албан хаагчдын бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тиймээс нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгүүлэхээр 2-р сарын 22-нд нэр бүхий хөдөлгөөнөөс шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан. Улмаар шүүхийн ёс зүйн хороо гомдлыг хуулийн хугацаанд шалгаж, 3-р сарын 22-нд сахилгын хэрэг үүсгэх асуудлаар гурван гишүүнтэй бүрэлдэхүүн хуралдаад байсан юм. Шүүхийн ёс зүйн хороонд жилд дунджаар 320 орчим шүүгчтэй холбоотой 250 орчим гомдол ирдэг байна. Үүнээс 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэж шийтгэжээ. Өөрөөр хэлбэл 2015-2020 оны хугацаанд сануулах арга хэмжээг 44 шүүгчид, цалин бууруулах 19, огцруулах 6 шийтгэлийг шүүгч нарт ногдуулсан байдаг. Мөн 3-р сарын 24-нд өмгөөлөгч Б-ээс дансаар дамжуулан 60 мянган төгрөг шилжүүлэн авсан гэх шүүгч О-ийн гомдлыг шүүхийн ёс зүйн хорооны 3 гишүүн хэлэлцсэн. Улмаар сахилгын хэрэг үүсгэхээр шийдвэрлэсэн байна. Мөн энэ асуудлыг шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүний хуралдаанаар 30 хоногийн хугацаанд эцэслэнэ. Харин мөнгө авсан гэх бусад шүүгчийн асуудлыг АТГ-т шалгаж байгаа юм.