Цар тахлын улмаас ялгаварлан гадуурхсан тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

“Ковид-19”-өөр халдварласан иргэд өвчний үе болон цар тахлын дараах үеийг даван туулж байгаа. Харамсалтай нь албан байгууллагууд иргэдээс цар тахлын эсрэг шинжилгээний хариу шаардах, мөн зарим хувийн мэдээлэл нь ил болсонтой холбогдуулан иргэд ялгаварлан гадуурхалтад өртсөөр байна. Тэгвэл цар тахлын улмаас бусдыг ялгаварлан гадуурхсан иргэнд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.

Ээж нь “Ковид-19”-өөр халдварласан ч хоёр хүүхдийнх нь тусгаарлалтын хугацаанд шинжилгээний хариу сөрөг гарч, хүүхдүүд нь гэртээ эргэн харьсан жишээ байдаг. Харамсалтай нь энэ мэдээллийн улмаас тухайн орон сууцны оршин суугчид хүүхдүүдийг ялгаварлаж, гэрт нь оруулахгүй байсан харамсалтай тохиолдол гарсан. Энэ бол цар тахлын улмаас нэгнээ ялгаварлан гадуурхалт юм. Тэгвэл ХЭҮК-т 2020 онд 700 гаруй гомдол, санал ирсний 130 гаруй нь цар тахалтай холбоотой гомдол байжээ.

Одоогийн байдлаар цар тахлаар халдварласан иргэдийн хувийн мэдээлэл дэлгэгдэж, нийгмээс гадуурхагдсан тохиолдол байгаа. Мөн ПСР шинжилгээ өгсөн, өгөөгүйгээс хамаарч албан байгууллага руу нэвтрүүлэхгүй байх, мөн цар тахлаар халдварласан хүн эмчлэгдээд эдгэрсэн ч шинжилгээнийх нь хариу тодорхой хугацаанд эерэг гардаг зэрэг асуудлаас үүдэж иргэд гадуурхагдах нөхцөл бүрдэж байна. Хуулийн дагуу иргэд ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй. Хэрэв ялгаварлан гадуурхалтад өртсөн бол гомдол гаргаж, нэхэмжлэл гаргах ч эрхтэй.