Египетийн эртний хаад, хатдын занданшуулсан шарилыг шинэ музейд залах ёслол боллоо

Өнгөрөгч бямба гарагт Египет улсын засгийн газар эртний хаад, хатдын 22 ширхэг занданшуулсан шарилыг нийслэл Каир хотын төв гудамжаар тээвэрлэж, шинэ музейд залсан байна. Египетийн аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан энэхүү түүхэн үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологи ашигласнаас гадна олон уран бүтээлчид оролцжээ. Египет улсын нийслэл Кайр хотын төв гудамжинд зохион байгуулсан цуваанд 18 хаан, дөрвөн хатны занданшуулсан шарилыг тээвэрлэж явжээ. Эдгээрийг Тахрирын талбай дахь Египетийн музейгээс гаргаж, Кайр хотоос 5 км зайтай Фустат хот дахь Египетийн соёл иргэншлийн үндэсний музейд хүргэсэн байна. Мумми бүрийг доргилтоос хамгаалсан тусгай шилэн хоргонд байрлуулж, сүйх тэрэг шиг хэлбэртэй болгож зассан өөр өөрсдийн нэртэй тус бүр нэг автомашинд ачсан байна. Он цагийн дарааллаар тээвэрлэсэн бөгөөд хамгийн эртний Мумми нь нийтийн тооллын өмнөх 16 дугаар зуунд дайснууддаа алагдсан Секененрэ Тао хааных байжээ. Олон сая америк доллар зарцуулсан энэхүү үйл ажиллагааг египетийн засгийн газар өөрийн баялаг түүхийг олон нийтэд сурталчлахад ашиглажээ. Мөн Кайр хотоос гадна байгаа хүмүүст зориулан үйл ажиллагааг интернетээр шууд дамжуулсан бөгөөд шинэ музейд Мумминуудыг байрлуулсны дараа 4-р сарын 18-аас хүмүүст үзүүлж эхлэх юм байна.