Нигери улсад 1838 хоригдол оргожээ

Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын Имо мужийн Оверри хот дахь шоронд өчигдөр дэлбэрэлт болсны улмаас 1838 хоригдол оргосон талаар эрх баригчид мэдээлжээ. Тус шорон руу зэвсэглэсэн этгээдүүд халдаж, буудалцаан үүссэний дараа зүүн хаалгыг дэлбэлсэн бөгөөд энэ үеэр хоригдлууд оргосон байх магадлалтай гэж цагдаагийн алба хаагчид мэдээлсэн байна. Нигерийн засгийн газрын харьяа засан хүмүүжүүлэх асуудал хариуцсан агентлагаас халдлагын үеэр 1844 хоригдол алга болсон гэж мэдэгдсэн бөгөөд үүнээс 6 нь буцан ирсэн байна. Харин оргохоос зайлсхийсэн 35 хоригдол дэлбэрэлт болсон газрын хажууд байжээ. Алга болсон хоригдлуудыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Нигерийн ерөнхийлөгч Мухаммаду Бухари энэхүү халдлагыг террорист үйл ажиллагаа гэж тодорхойлж, гэмт этгээдүүд, хоригдлуудыг нэн даруй барихыг аюулаас хамгаалах хүчнийхэнд үүрэг болгосон байна. Цагдаа нар Оверри хотод болсон халдлагад Биафрагийн уугуул иргэдийн хөдөлгөөнийг буруутгаж байгаа боловч тэд тус хэрэгт оролцоогүй гэдгээ удаа дараа мэдэгджээ. Харин мужийн амбан захирагч болон хотын даргын албанаас олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахыг 2 долоо хоногоор хориглож, олныг хамарсан вакцинжуулалтын ажлыг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ. Гэхдээ тодорхой цэгүүдэд вакцинжуулалтын ажлыг харуул, хамгаалалтын дор үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна.