Засгийн газраас баталсан эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд 2 их наяд төгрөгийг ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн санхүүжилтэд зарцуулахаар тусгасан. Дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар 4745 зээлдэгчид 321 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгогджээ.
ЖДҮ эрхлэгч иргэнд 50 хүртэлх сая төгрөгийн зээл, ААН-үүдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа. Зээлийг банкуудын өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, төрөөс банкинд хүүгийн татаас олгох хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ сарын 5-ны арилжааны банкуудын олгосон зээлийг нэгтгэсэн байдлаар хүргэвэл 4033 иргэнд 153,2 тэрбум төгрөгийн зээл, 712 ААН-д 168,7 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Олгогдсон зээлийн 1661 нь Улаанбаатарт 3084 нь орон нутгийн зээлдэгчид шийдвэрлэгдсэн байна.
Зээлд хамрагдах ААН-д төрөөс зөвхөн НӨАТ төлөгч байхыг шаардаж байгаа ч банкууд эрсдэлээ тооцож, өөрсдийн шаардлагуудыг тавьж байгаа. Зээлд хамрагдсан иргэдийн төлөөлөл ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл бодит дэмжлэг болж байгааг хэлж байна. 3 хувийн хүүтэй зээлийг 3500 аж ахуйн нэгж, 20000 иргэнд олгож 120 мянган ажлын байрыг хадгална гэж тооцоолж байгаа юм. Тэгвэл одоогоор 29,321 ажлын байрыг хадгалж үлдээд байна гэдгийг сангийн яам танилцуулаад байна.