АНУ-ын ерөнхийлөгч бүртгэлгүй галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах захирамж гаргалаа

АНУ даяар сүүлийн нэг сарын хугацаанд олныг хамарсан хэд хэдэн зэвсэгт халдлага гарч, олон хүний амь эрстээд байгаа. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч лхагва гарагт өмнөд Каролин мужид таван хүн бусдын гарт амиа алдсан байна. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден бүртгэлгүй галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах захирамж гаргажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены гаргасан захирамжийн дагуу тус улсын хууль зүйн яам “Ghost Gun” буюу гараар угсарсан, бүртгэлгүй галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авахаар болсноо мэдэгджээ. Ерөнхийлөгч Жо Байден захирамжаа танилцуулах үеэр нэгдсэн улсын өөр нэг том тахал бол галт зэвсэг хэрэглэсэн аллага гэж анхааруулсан байна. Гэхдээ АНУ-ын иргэдийн галт зэвсэг хэрэглэх эрх нь тус улсын үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлтээр хамгаалагдсан байдаг тул тус захирамж хэрэгжихэд саад тохиолдох магадлал өндөр юм. Харин тус улсын хууль зүйн яам бүртгэлгүй зэвсгийн зохицуулалтын талаарх саналаа 30 хоногийн дотор боловсруулж, танилцуулахаар болжээ. Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн мэдээллээр аНУ-д өдөр бүр 106 хүн бууны суманд амиа алддаг бол ямар ч хүн эд ангиудыг худалдаж аваад 30 минутын дотор нэг галт зэвсэг угсарч байна гэж анхааруулсан байна. Албаны тоо баримтаас харвал Лос Анжелес хотоос хураагдсан бүх галт зэвсгийн 40 хувь нь бүртгэлгүй галт зэвсэг байдаг бөгөөд тус зэвсгээр гэмт хэрэг үйлдэх нь хэргийн явцыг удаашруулах хандлагатай байдаг юм байна.