Их Британи Хонконгийн дүрвэгсдэд мөнгөн тусламж үзүүлнэ

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль батлагдсаны дараа Их Британи рүү дүрвэх хүсэлтэй байгаа олон сая иргэн тус улсын гадаад хэргийн яаманд хүсэлтээ гаргасан юм. Тэгвэл Хонконгоос дүрвэх хүсэлтэй хүмүүст ажил, оршин суух газар олох, сургуульд суралцах зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор 43 сая фунт стерлинг буюу 59 сая ам.доллар зарцуулахаа Их Британийн эрх баригчид амлажээ.

Өнгөрөгч оны 6-р сард Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг баталсны дараа АНУ, Их Британи рүү олон сая хүнийг шилжин суурьших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Хэдийгээр дээрх хууль нь нэг улс хоёр систем бодлогод нөлөөлөхгүй гэж Хонконгийн захирагч Карри лам мэдэгдсэн ч өнгөрөгч 3-р сарын 15-нд дахин өөр нэг хууль болох Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг боловсруулахаар болсон юм. Тэгвэл Их Британийн эрх баригчид Хонконгоос тус улсад очих хүмүүст ажил, оршин суух газар олох, сургуульд явахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 43 сая фунт Стерлинг буюу 59 сая ам.долларыг зарцуулахаа амлажээ. Хонконг дахь шинэчлэлийн улмаас эх газрын Хятадтай үүсгэсэн маргаан хурцадсанаар Их Британи таван сая гаруй Хонконг иргэнд хилээ нээж, сурч, ажиллах, цаашлаад иргэншил авах өргөдлөө өгөх боломжийг санал болгосон байна. Дээр дурдагдсан мөнгөний дийлэнх хэсэг нь шинээр ирэх хүмүүст зориулагдсан буюу англи хэлийг дэмжих хөтөлбөр болон орон сууцанд зарцуулах юм. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллага, сургуульд хамрагдахад нь тусламж үзүүлэх 12 тусгай газрыг шинээр нээсэн байна хамгийн сүүлд л гэхэд Их Британийн эрх баригчид Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдын нэг, өдгөө эрэн сурвалжлагдаж байгаа Натан Ло-д улс төрийн орогнол олгосон байна. Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах хуулийн тухайд салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, эх газрын Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд ийм үйлдлүүдэд оноох ялын дээд хэмжээг бүх насаар нь хорих ял байхаар тусгасан байна. Харин энэхүү хууль батлагдсаны дараа Хонконгийн сөрөг хүчний олон зүтгэлтэн засгийн газрын эсрэг үйл ажиллагаагаа багасгаж, зарим нь АНУ, Их Британи, Тайвань руу дүрвэжээ.