“Ковид-19”-өөр халдварласан хүний pcr шинжилгээний хариу 3-6 сарын хугацаанд эерэг гардаг

“Ковид-19” цар тахлаар халдварласан ч эдгэрээд хэвийн амьдралдаа шилжсэн тохиолдол нийт өвчлөгсдийн 50 гаруй хувийг эзэлж байгаа. Харамсалтай нь эдгээр иргэдийг ажиллаж, хөдөлмөрлөх явцад нь pcr шинжилгээний хариу шаардах, ялгаварлан гадуурхах тохиолдол байсаар байна. Шийдвэр гаргах төрийн байгууллага нь хүртэл чирэгдэл учруулж байгаа юм. Дэлхий даяар цар тахалтай тэмцээд 16 сарын хугацааг туулж байна. Цар тахал өөрөө шинэ тутам бөгөөд одоог хүртэл судлагдаж байгаа энэ үед халдвар аваад эдгэрсэн ч тухайн иргэний pcr шинжилгээний хариу тодорхой хугацаанд эерэг гардаг онцлогтой. “Ковид-19”-өөр халдварласан иргэд эдгэрснээс хойш 6 сарын дараа вакцинд хамрагдаж болно. Цар тахлаар халдварлаж, эмнэлэгт хэвтсэн иргэн тухайн эмнэлгээсээ лист авна. Харин гэртээ тусгаарлагдан, эмчийн зааврын дагуу өөрөө өөрийгөө эмчилж байгаа иргэд өрхийн эмчээрээ дамжуулан “лист” бичүүлнэ.