Хувийн автомашиныг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулж байгаа нь нийтийн тээврийн ачааллыг нэмж байна

Нийтийн тээвэр халдвар тархах эрсдэлтэй орчин гэж үзэж нэг автобусанд 10-12, хамгийн ихдээ 13-аас дээшгүй хүн зорчино гэсэн тогтоол, шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан. Гэвч энэ удаагийн бүх нийтийн бэлэн байдлын үед автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа нь нийтийн тээврийн ачааллыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.

2020 оны 11 дүгээр сарын 11-нд дотоодод Ковид 19-ийн халдвар бүртгэгдсэнээс хойш манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 4 удаа тогтоосон байна. Бэлэн байдлын зэрэг тогтоох бүрд заавал ажиллах шаардлагатай салбарын ажилтан алба хаагчдыг хувийн автомашинаар явуулна явуулахгүй, QR код олгоно, олгохгүй гэсэн асуудал яригддаг. Энэ удаа тэдгээр ажилтан, алба хаагчдыг тэгш сондгой өдрүүдэд ээлжилж хувийн автомашинаар нь явуулж байгаа нь нийтийн тээврийн ачааллыг нэмж, нэг автобусанд 10-12 хүн зорчино гэсэн шийдвэр зөрчигдөхөд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн удирдлагууд нэг шийдвэрээрээ нөгөө шийдвэрээ зөрчсөөр байгаад иргэд шүүмжлэлтэй байна. Түүнчлэн энэ удаагийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг явган хүний хөл хөдөлгөөн их, үр дүнгүй болж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг биш, автомашингүй Улаанбаатар аян шиг өдрүүд үргэлжилж байна гэдгийг иргэд хэлж байгаа юм.