Саналын хуудсыг автоматжуулсан төхөөрөмжид уншуулахаас гадна 100 хувь гараар тоолно

Хоёр хүрэхгүй сарын дараа Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулагдана. Энэ оны 2-р сарын 1-ний өдрийн байдлаар 2.159.203 сонгогч улсын бүртгэлийн байгууллагын сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байна. Сонгууль бүрийн үеэр тухайн хаяг дээр амьдардаггүй ч сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй “Царцаа” нарын асуудал яригддаг. Тодруулбал 1 айлын хаяг дээр 10-аас дээш сонгогч бүртгэгдсэн тохиолдол ч байдаг. Тэгвэл хуулиар тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эзэмшигч хаягийн бүртгэл дээр байгаа сонгогчийн бүртгэлтэй танилцах эрх нээлттэй бөгөөд холбогдох байгууллагад хүсэлт гаргаж, иргэдийн бүртгэлийг түдгэлзүүлэх боломжтой.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар саналаа өгсөн сонгогчдод хурууны тэмдэглэгээ хийгээгүй. Харин энэ удаагийн сонгуулийн хуульд хурууны тэмдэглэгээ хийх зохицуулалт орсон учраас санал өгсөн сонгогчдын хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийнэ. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь технологийн хувьд сонгуулийн санал авах нийт 2087 байрт хяналтын камер байршуулахаар болсон. Мөн саналын хуудсыг саналын автоматжуулсан төхөөрөмжөөр уншуулахаас гадна гараар 100 хувь тоолно гэдгээрээ онцлогтой. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 28 тэрбум төгрөг зарцуулна.