Олон улсын сүүлийн үеийн судалгаагаар уг халдварыг өвчлөөд эдгэрсэн хүний биед үүссэн эсрэг бие хамгийн ихдээ 11 сарын хугацаанд хадгалагддаг байна. Гэхдээ хүнд хөнгөн туссанаас хамаарч хүний биед үүсэх эсрэг биеийн тоо харилцан адилгүй байх боломжтой гэж мэргэжлийнхэн үзэж байна. Тухайн хүн эдгэрээд удах тусам эсрэг биеийн тоо цөөрч байгаа нь тогтоогджээ. Иргэн “О” 3 дугаар сард “Ковид-19” ийн халдвараар хөнгөн өвчлөөд эдгэсэн. Эмчлэгч эмч нь дархлаа тогтсон учраас 6 сарын дараа вакцин хийлгэхийг түүнд зөвлөсөн байна. Харин саяхан тэрбээр эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийлгэхэд эсрэг биеийн тоо дархлаа тогтсон гэж үзэх хэмжээнээс бага гарчээ. Тиймээс түүнд 6 сар вакцин хийлгэхгүй явахад дахин халдвар авахгүй байж чадах уу? Хэзээ вакцин хийлгэх хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч ирсэн байна. Иргэн “О” той адилхан асуулттай хүн олон байна. Тиймээс үүнийг мэргэжилтнээс тодрууллаа. Харин Америкийн нэгдсэн улсын өвчний хяналтын төв өвчлөөд эдгэрсэн хүмүүст 90 хоногийн дараа вакцин хийлгэхийг зөвлөж байсан. Гэхдээ зарим анагаах ухааны мэргэжилтнүүд үүнийг заавал 90 хоног, 60 хоног гэж тодорхой зөвлөхгүй, тухайн хүн өөрөө шийдвэрлэх боломжтой гэж байгаа. Түүнчлэн олон судалгаанд өвчлөөд эдгэсэн хүн вакцины зөвхөн нэг тунг хийлгэхийг зөвлөж байгаа бол Австралийн анагаах ухааны мэргэжилтнүүд өвчлөөд эдгэсэн ч 2 тун вакцин хийлгэх нь зүйтэй гэж зөвлөө д байгаа юм.