Хүнс тээврийн зарим жолооч нар ПСР шинжилгээ өгч чадалгүй олон хоног автомашиндаа хонож байна

ПСР шинжилгээ өгөх цэгүүдийн ачаалал өндөр байгаагаас шалтгаалж хот хооронд хүнс тээвэр хийдэг жолооч нарт хүндрэл үүсгэж байна. Жишээ нь замын-үүд Улаанбаатар чиглэлд хүнс тээвэр хийдэг жолооч Р.Лхагважаргалын гэр Замын-үүдэд байдаг. УБ-т хүнс тээвэрлэж ирээд 3 шөнө 4 дэх өдрөө өнжиж байна. Тэрбээр гэртээ харихын тулд ПСР шинжилгээ хийлгэх шаардлагатай ч сорьц дууссан, ажлын цагт багтаж чадаагүй зэрэг шалтгаанаар 3 хоног оочерлож байгаа юм байна.

Хүнс тээврийн жолооч Р.Лхагважаргал шинжилгээгээ өгөөд хариугаа авах хүртлээ машиндаа хонож, бэлэн хүнсээр амьдарч байна. Тэрбээр ПСР шинжилгээ өгөхөөр 3-4 хоног, шинжилгээний хариугаа хүлээж дахин 48-72 цаг нийт 7-8 хоног УБ-т гацах асуудалтай тулгарчээ. Тэрбээр хүнс тээвэр хийдэг жолооч нар бүх бичиг баримт тодорхойлолтоо үзүүлээд хурдан шуурхай шинжилгээгээ өгдөг болгох зохицуулалт хийж өгөхийг шийдвэр гаргах хүмүүсээс хүссэн юм.

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тогтмол хүнс тээвэрлэдэг 200 гаруй жолооч байдаг. Тэдгээр жолооч нар Р.Лхагважаргалтай яг адил нөхцөл байдалтай байна. Тиймээс шинжилгээ өгөхөөр УБ-т гацаад байгаа хүнсний тээвэр хийдэг жолооч нарын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Цаашилбал хүнс тээврийн жолооч нар хотод гацах нь Замын-Үүдээс ирэх хүнсний ногоо, бусад импортын хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх ч шалтгаан болж байгаа юм.