Их дээд сургуулиуд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглана

Сүүлийн өдрүүдэд “КОВИД-19”-ийн халдварын өдөрт илрэх тохиолдол 1000 давах боллоо. Халдварын нөхцөл байдал хүндэрч, өдөрт илрэх тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн орчин дахь орны нөөц хүрэлцэхгүйд хүрээд байгаа юм. Цаашид нөхцөл байдал улам хүндэрвэл Их дээд сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн оюутны байр болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувиллын байрыг өвчлөгсдийг хэвтүүлэн эмчлэхэд ашиглах юм байна.

Улсын онцгой комиссын 4-р сарын 16-ны өдөр гарсан тогтоолын дагуу халдварын нөхцөл байдал улам хүндэрвэл Их дээд сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн оюутны байр болон ХНХ-ийн харьяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувиллын байрыг өвчлөгсдийг хэвтүүлэн эмчлэхэд ашиглана хэмээн тусгажээ. Одоогийн байдлаар ЭМЯ-ны зүгээс эдгээр орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай нөхцөлийн судалгаа шинжилгээг хийж бэлтгэл ажлыг базааж байгаа юм байна. Мөн Буянт-Ухаа спорт цогцолборт 300 ор дэлгэсэн бөгөөд халдварын тархалт одоо байгаагаас илүү нэмэгдэж, хүндэрсэн тохиолдолд тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглахаар нөөцөлж байгаа юм байна.