ЭМЯ “КОВИД-19”-ийн халдварыг шүлснээс илрүүлэх 10 мянган ширхэг оношлуурыг хүлээн авлаа

АШУҮИС-ийн эрдэмтдийн бүтээсэн шүлснээс “КОВИД-19”-ийн халдварыг илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор ЭМЯ-аас эхний ээлжид 10 мянган ширхэг оношлуур авах захиалга өгчээ. Уг оношлууруудыг эрдэмтэн судлаачдын баг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө. Оношлуурыг нийслэлийн эрүүл мэндийн төвүүдийн лабораториудад хуваарилан өгч байгаа юм байна. Эрдэмтдийн баг шүлсний оношлуурыг цаашид өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ дагуу ЭМЯ-аас захиалсан 10 мянган оношлуурыг хүлээлгэн өгч хэрэглээнд нэвтрүүлж эхлэх гэж байна.

Шүлсний оношлуурыг нийслэлийн зарим эрүүл мэндийн төвүүдийн лабораториудад хуваарилан өгөөд байгаа юм. Гэхдээ хүссэн хүн бүр шүлсний оношилгоонд хамрагдах боломжгүй гэдгийг албаныхан хэлж байна. Шүлсний оношлуур нь одоо хэрэглэж байгаа хамар залгиурын арчдасаас авдаг шинжилгээтэй харьцуулахад мэдрэг чанар нь өндөр болохыг судлаачид баталсан байна. Оношлуурын хариу 90 минутын дотор гарах бөгөөд, сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой юм. Түүнчлэн үнийн хувьд бусад оношлуураас 3-4 дахин хямд буюу нэг оношлуур 31200 төгрөгийн өртөгтэй.  Ингэснээр иргэдийн цагийг хэмнээд зогсохгүй манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлнө гэдгийг албаныхан онцолсон юм.