Хүчирхийллийн эсрэг үндэсний төв итгэлтэй утас 96490505-аар хохирогчдод 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгч байна

Хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүй мэдээлж, хүчирхийллийг таслан зогсооход иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байна. 

-Цагдаагийн 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн 100-150 дуудлага, мэдээлэл ирдэг байна.

-Харин 4 дүгээр сарын 10-нд буюу хөл хорио тогтоосон эхний өдөр 188, бусад өдөр 100-150 дуудлага бүртгэгджээ.

-Он гарсан эхний 3 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн нийт 11 мянга 348 дуудлага бүртгэгдсэн бөгөөд иргэдийн дунд хүчирхийллийг цагдаад мэдээлвэл эргээд өөрсдөд нь ямар нэгэн эрсдэл учирна гэсэн буруу ойлголт байдаг.

-Тэгвэл 2020 оноос хүчирхийллийг мэдээлэгчийн нууцыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хамгаалдаг болсон гэдгийг цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна. 

Хүүхэд хамгааллын 108 дугаарт ирэх гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгдсэн талаар холбогдох мэргэжилтэн мэдээлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа, архи, согтууруулах ундаа, санхүүгийн хүндрэл асуудал, хөл хорио зэрэг тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Учир нь 2 дугаар сард хатуу хөл хорио тогтооход согтууруулах ундаа худалдахыг хориглосон өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өдөрт 70-80, 70-90 бүртгэгдэж байжээ. Харин хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс итгэлтэй утас 96490505-аар хохирогчдод 24 цагийн турш зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн тус төв хохирогчдод хамгаалах байрны тусламж үзүүлдэг. Одоогоор түр хамгаалах байрт 1 эмэгтэй, 6 хүүхэд тусламж авч байгаа. Жилд 120-150 хохирогч хамгаалах байрт ирдгээс 70 хувь нь хүүхдүүд байдаг. Цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдэд хандаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн даруйдаа мэдээлж байхыг уриаллаа.