Цар тахлын тархалтыг багасгахаар 4 дүгээр сарын 10-аас 25 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Хөл хорионы өдрүүд үргэлжилж байгаа ч гадуур хүний хөдөлгөөн ихтэй, халдварын тохиолдол өдөрт 1000 давж бүртгэгдсээр байна. Тэгвэл эрүүл мэндийн яамнаас хөл хориог дахин 14 хоног сунгах санал гаргаад байгаа. Дээрх асуудлаар “Монгол ТВ” телевиз өөрийн цахим хуудсаар дамжуулан 5 цагийн хугацаанд иргэдээс санал асуулга авахад 58 мянга гаруй хүн оролцсоноос 47 хувь нь хөл хориог сунгах нь зөв гэж үзсэн бол 53 хувь нь хөл хорио сунгахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь энэ удаагийн хөл хорио үр дүнгүй, хүний хөдөлгөөн хэвийн үетэй ижил байгаа юм. Хөл хорио сунгах эсэх дээр иргэдийн санал хуваагдаж байгаа нь иргэдийн ажил орлого тасалдаж, санхүүгийн хүндрэл үүсч байгаатай холбоотой. Тиймээс ч зарим эдийн засагчид хөл хориог үр дүнтэй тогтоож чадахгүй бол улс орны эдийн засаг уналтад орсоор байгааг анхааруулаад байна. Харин эрүүл мэндийн яамнаас 5 дугаар сарын 9 хүртэл хөл хоривол халдварын тархалт 2 дахин буурна гэж үзээд байгаа ч иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах, хөл хориог үр дүнтэй болгох ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм.