Вакцинжуулалтыг үргэлжлүүлж эхэлснээс хойш 4 дүгээр сарын 9-12-ны хооронд вакцины давтан тунгаа хийлгэх хуваарьтай байсан иргэдийн ихэнх нь вакцины давтан тундаа хамрагдсан байна. Харин одоо эхний тунгаа хийлгэж байгаа 50-аас дээш насныхан болон хөл хорионы өмнө эхний тундаа хамрагдсан 18-аас дээш насныхан товлолт хугацаа нь болсон учраас 2 дугаар тундаа хамрагдаж байна. Ачаалал бага байгаа учраас вакцинаа хийлгэхээр зориод ирсэн иргэдийг аль болох буцаахгүй вакцинд хамруулж байгаа гэдгийг дархлаажуулалтын цэгийг хариуцаж байгаа мэргэжилтнүүд хэлж байна.
Иргэдийн дунд Спутник В вакцин хэзээ ирэх вэ гэсэн асуулт түгээмэл байгаа. Өчигдрийн 11 цагийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан Спутник вакцины татан авалтыг хийхээр яриа хэлцэл идэвхтэй явагдаж байгаа ч хүлээн авах хугацаа нь тодорхойгүй байгааг хэлсэн юм. Вакцины давтан тунгаа хийлгэснээс 14 хоногийн дараагаас дархлаа тогтож эхлэх тул вакцинд хамрагдсан иргэд амны хаалтаа зүүж, гараа угаан, хүн хоорондын зайгаа барьж, халдвар авахаас сэргийлэхийг эмч нар зөвлөж байна.