2020 оны 10 дугаар сараас эхлэн иргэд E-Mongolia цахим системд регистрийн дугаараараа нэвтэрч төрийн үйлчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээг авах боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар монгол улсын 3.3 сая иргэний мэдээлэл "E-Mongolia" цахим системд бүртгэлтэй байгаа бөгөөд 4 дүгээр сарын 27-ны 11 цагийн байдлаар 1.272.639 иргэн "E-Mongolia" цахим системд хандсан байна. Үүнээс 1.030.388 иргэн лавлагаа авах зэргээр амжилттай үйлчилгээ авсан байна. Харин “Ковид 19”-ийн вакцинжуулалт эхэлсэн цагаас вакцины гэрчилгээний мэдээллийг тус системд байршуулсан. Өнөөдрийн байдлаар 947.809 иргэн “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдсанаас "E-Mongolia" системд 61.000 иргэн хандаж вакцины гэрчилгээгээ шалгажээ. 

Тэгвэл "E-Mongolia" системийн лавлах утсанд иргэдээс вакцины мэдээлэл алдаатай байна гэсэн гомдол саналууд цөөнгүй ирж байгаа юм бөгөөд вакцины гэрчилгээний мэдээллийг "E-Mongolia" систем засах боломжгүй. Харин ЭМЯ-ны гомдол санал хүлээн авах 323002 утас руу холбогдож мэдээллээ засуулах юм байна. Тиймээс иргэд вакцин хийлгэхдээ бүртгэлийн ажилтан таны мэдээллийг зөв бичсэн, бүрэн оруулсан эсэхийг нягталж байхыг ЭМЯ-аас зөвлөлөө.