Хатуу хөл хорио тогтоосон хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэснээс шалтгаалж 126 хүн бэртэж гэмтжээ

Хатуу хөл хорионы хугацаанд 18-аас дээш градустай архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон ч гэмтэл согог судлалын үндэсний төвд согтуу үедээ гэмтэж бэртсэн гэх дуудлагууд ирсээр байна. Тодруулбал энэ сарын 11-22-ны өдрийн хооронд зөвхөн архи согтууруулах ундаа хэрэглэснээс улбаатай 126 хүн бэртэж гэмтсэн байна. Статистик мэдээллээс авч үзэхэд хөл хорио тогтоогүй үеийнхээс архидан согтууруулах үйлдэл нь буураагүй буюу огт тасалдаагүй байна. Тодруулбал цагдаагийн байгууллагад хоногт 800 гаран дуудлага мэдээлэл ирж байгаагийн 90 хувь нь зөрчлийн шинж чанартай бол 40 гаруй хувь нь согтуу байх үедээ зөрчил үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Тэгвэл хөл хорио тогтоосон хугацаанд гэмтэл согог судлалын үндэсний төвд согтуу байх үедээ бэртэж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр бэртэл гэмтэл үйлдэгдсэн шалтгаан нь шөнө оройн цагаар ахуйн хүрээнд архидан согтуурахаас үүдэн нэгнийхээ биед санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулсан байна. Эдгээр  зөрчил үүсгэж байгаа иргэдийг насны байдлаар нь авч үзвэл 18-40 насны залуучууд байгааг онцоллоо. Иймээс иргэдийг хатуу хөл хорио тогтоосон хугацаанд халдвар хамгааллын дэглэм болон эрх бүхий байгууллагаас гаргаж байгаа журам зохицуулалтыг дагаж мөрдөх нь чухал байгааг анхаарууллаа.