Төр засгийн байгууллагууд цар тахлын энэ цаг үед сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг хааж, боомилж, олон нийтийн мэдэх эрхэд саад учруулж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
-”Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллага жил бүр дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдалд үнэлгээ хийдэг.
-2021 оны индексээр, сэтгүүл зүйн үйл ажиллагааг нийт 73 оронд бүрэн буюу ноцтойгоор боомилж, 59 оронд саад учруулсан гэсэн үнэлгээ гарчээ.
- Энэ нь үнэлгээнд хамрагдсан 180 улс орны 73 хувьд нь хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрх зөрчигдөж байгааг харуулж байгаа юм.
- Харин өнгөрсөн жил үнэлгээнд хамрагдсан дээрх 180 улс орноос 13 нь буюу ердөө 8% нь сэтгүүл зүйн таатай орчинтой гэж үнэлэгдсэн бол энэ жил 12 орон буюу 7% болж буурсан үзүүлэлттэй байна.
Манай улсын хувьд ч ялгаагүй цар тахлын хөл хорио, зайнаас ажиллах нөхцөлд шилжсэн зэргээс үүдэн төрийн байгууллагууд сэтгүүлчдийн асуултаас зайлсхийж, олон нийтийн мэдээлэл авах эрхийг хааж боомилох явдал гарсаар байгааг сэтгүүлчид хэлж байна. Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдалд хийсэн үнэлгээгээр цар тахлаар далимдуулан сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалжийг хааж боох, газар дээрээс нь мэдээ сурвалжилга бэлтгэх үйл ажиллагаанд саад учруулсан явдлууд гарсаар байгааг дурдсан байна. Ялангуяа Ази, Ойрх Дорнод, Европын орнуудад сэтгүүлчид эмзэг сэдвээр эрэн сурвалжилга хийх, ийм сэдвийг хөндсөн мэдээ сурвалжилга бэлтгэхэд багагүй бэрхшээлтэй тулгарч байгааг тайланд онцолжээ.
Холбогдох мэргэжилтнүүд цар тахлын үед олон нийтэд мэдээллийн хэрэгцээ илүү байдаг. Ийм үед төр засгийн байгууллагууд мэдээллийг нэгтгэж нэг урсгалаар өгөх биш, үйл ажиллагаагаа нэгтгэж уялдуулах, мэдээллийг эсрэгээрээ нийгмийн бүхий л бүлэгт ойлгомжтой хүртээмжтэй байдлаар аль болох олон сувгаар хүргэх хэрэгтэй гэж үзэж байна. Цар тахлын үед олон талт эх сурвалжгүй, судалгаа нотолгоогүй мэдээлэл, мэдээллийн хомс тодорхойгүй байдал нь олон нийтэд айдас түгшүүр, эсэргүүцэл цаашлаад эмх замбараагүй байдал хүртэл үүсгэх эрсдэлтэй. Нэмж дурдахад, Норвеги улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр тав дахь жилдээ эхний байранд жагсаж байна.