Шаардлагатай үед цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор зөөвөрлөх боломжтой боллоо

Цус сэлбэлт судлалын үндэсний төв шаардлагатай эмнэлгүүд рүү цус цусан бүтээгдэхүүнийг дроноор зөөвөрлөх боломжтой болж байна. Тус дрон нь 3-5 килограмм ачааг зөөвөрлөх хүчин чадалтай, жилийн дөрвөн улиралд цус, цусан бүтээгдэхүүн зөөвөрлөх боломжтой юм байна. Мөн эрсдэлт нөхцөл байдалд аюулгүй буулт хийх чадвартай. Зам туулах хурдны хувьд цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс гэмтэл согог судлалын үндэсний төв рүү 4 минутын дотор бүтээгдэхүүнийг зөөвөрлөх боломжтой гэж мэдээлж байна.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод автозамын түгжрэл эрс нэмэгдэж байгаа бөгөөд уг нөхцөл байдлаас шалтгаалж яаралтай үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хүндрэл үүсдэг байна. Мөн газар хөдлөлт, гамшиг осол, цар тахлын үед цус цусан бүтээгдэхүүнийг зөөвөрлөх шаардлага гардаг учраас нисэх төхөөрөмжөөр зөөвөрлөх санаачилга гаргасан байна. Нисэх төхөөрөмжийг ашиглах нь дээрх хүндрэлүүдийг давах, цус цусан бүтээгдэхүүнийг захиалгын дагуу тээвэрлэх автомашины зардал, цаг хугацааг хэмнэх, хүний нөөц, ажлыг цагийг багасгах зэрэг эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна. Уг ажлыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс хөрөнгө зарцуулаагүй сайн дурын байгууллагуудын хөрөнгөөр шийдвэрлэжээ.

Уг дроныг гаднын улсын жишгийн дагуу Монгол инженерүүд бүтээж угсарч гүйцэтгэжээ. Дрон нь 4G сүлжээ нэвтэрсэн нутаг дэвсгэрт нисэх боломжтой бөгөөд Монгол орны аль ч хэсэгт хүрэх давуу талтай. Мөн газраас 1500 м-ээс дээш нисэх хөөрч 60 минутын турш нислэг хийх боломжтойн дээр өөр дээрээ 3-5 килограммын ачааг зөөвөрлөх хүчин чадалтай юм байна. Мөн цаашид уг төхөөрөмж дээр суурилан эрүүл мэндийн байгууллагууд сорьц тээвэрлэх болон бусад салбарт ч загвар болгон ашиглах боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм байна.