“Вероселл” вакцины 2 тунд хамрагдсан зарим иргэн шинжилгээгээр өндөр дархлаа тогтсон талаараа цахим орчинд хуваалцжээ

Манай улс нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн бүх иргэдээ вакцинжуулах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар вакцинд хамруулахаар төлөвлөсөн иргэдийн 48 хувь нь эхний тунд, 23 хувь нь давтан тунд хамрагдсан байна. Монгол улс ОХУ-аас нэг сая тун “Спутник V” вакцин худалдан авахаар гэрээ байгуулсан. “Спутник V” вакцины нэг, хоёрдугаар тун улаан, цэнхэр өнгөөр ялгаатай үйлдвэрлэгдэж байгаа. Гэрээний дагуу нэгдүгээр тунгийн 20,000 тун вакцин 5 сарын 1-нд ирсэн. Харин хоёрдугаар тун нь хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Манай улсын вакцинд хамрагдсан иргэдийн дийлэнх нь “Вероселл” вакцин хийлгэсэн. Сүүлийн үед цахим орчинд “Вероселл” вакцины 2 тунд хамрагдсан зарим иргэн дархлаа тогтцын шинжилгээгээр өндөр дархлаа тогтсон тухайгаа хуваалцаж байна. Мөн иргэдийн дунд “Пфайзер” вакциныг илүү чанартай гэсэн ойлголт байгаа төдийгүй тус вакциныг хийлгэе гэж эмнэлэгт хандах тохиолдлууд гарч байгаа юм байна. Тэгвэл хавдар судлалын үндэсний төвийн хяналтад байдаг хавдартай иргэдийг вакцинжуулж байгаа “Пфайзер” вакциныг манай улс “Ковакс” хөтөлбөрийн дагуу хүлээж авсан юм. Олон улсын “Ковакс” хөтөлбөрийн зүгээс тус вакцинаар хавдраар өвчилсөн зорилтот бүлгийг вакцинжуулахыг зорьж хандивласан.  Энэ нь ХӨСҮТ-ийн эмчийн хэлснээр хавдартай, эрхтэн шилжүүлэн суулгасан зэрэг иргэдэд  “Пфайзер”-аас өөр вакцин тохирохгүй, тус вакцин илүү чанартай гэсэн ойлголт биш юм. Эмч мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын зүгээс иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.