Вакцины хомсдол дархлаажуулалтын хөтөлбөрт саад учруулж байна

Дэлхийн олон улс оронд “Ковид-19”-ийн халдварын эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр вакцины хомсдолын улмаас удаашраад байна. Вакцины үйлдвэрлэлтэй холбоотой асуудлаар вакцин үйлдвэрлэгч компаниуд зарим улс оронтой байгуулсан гэрээгээ цуцалж эхэлсэн бол зарим компаниуд вакцины нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдгээ мэдээлээд байна. “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин үйлдвэрлэгч Их Британи, Шведийн “Астразенека” компанийг Европын холбоо нийлүүлэлтийн гэрээг үл хүндэтгэж, цаг тухайд нь вакцин нийлүүлэн өгөх төлөвлөгөөг боловсруулаагүй учраас Бельгийн шүүхэд өгсөн. Тус компани нь Европын холбоонд энэ оны хоёрдугаар улиралд 180 сая тун вакцин нийлүүлэхээр тохиролцоод байсан боловч вакцины үйлдвэрлэлтэй холбоотой асуудлуудын улмаас энэ оны эхний улиралд гэрээнд заасан вакцины тунгийнхаа тэн хагас орчмыг Европын холбоонд нийлүүлсэн байна. “Астразенека” компанийн вакцины Ази тив дэх гол үйлдвэрлэгч “Серум” хүрээлэн ирэх 7 дугаар сар гэхэд дотооддоо 250 сая тун вакцин нийлүүлэх ёстой байсан ч БНЭУ-д нөхцөл байдал хүндэрснээс болж гадаад зах зээлд гаргах вакцины гэрээ хэлэлцээрийг цуцалж, заримыг нь хойшлуулжээ. Вакцины хомсдолоос үүдэн Энэтхэг улсын зарим муж, том хотууд 18-аас дээш насны иргэдээ вакцинд хамруулах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Өнгөрсөн 1 дүгээр сард БНЭУ вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 1,4 тэрбум хүн амынх нь дөнгөж 26 сая нь вакцинд бүрэн хамрагдаж, 120 сая хүн буюу хүн амынх нь 10 хүрэхгүй хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Тэгвэл ДЭМБ-аас хэрэглэх зөвшөөрөл олгосон АНУ-ын “Модерна” компани ирэх 2022 он гэхэд дэлхийн улс оронд нийлүүлэх вакцины хэмжээг 3 тэрбумд хүргэнэ гэж мэдээлжээ. Тус компанийн удирдлагууд олон оронд вакцины хомсдолоос үүдэн хүлээлт үүсэж байгааг анхааруулаад “Модерна” компанийн вакцин “Ковид-19”-ийн халдварын мутацид орсон хувилбараас хэрхэн хамгаалж байгаа судалгааны үр дүн тун удахгүй гарна гэдгийг мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын “Пфайзер”, ХБНГУ-ын “Бионтех” компанийн гарган авсан “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины нийлүүлэлтийг энэ жилийн эцэс гэхэд 2.5 тэрбум болно гэж эрх баригчид мэдэгджээ. Одоогоор дэлхийн нийт хүн амын дөнгөж 7-ны нэг нь вакцин хийлгээд байгаа юм байна. Вакцин үйлдвэрлэгчдийн зүгээс 2021 оны эцэс гэхэд дэлхий даяар тараах вакцины нийлүүлэлтийг 9.4 тэрбум тун байхаар хичээж ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар 8 тэрбум тун вакцин худалдан авах гэрээ хийгдээд байгаагийн 4.6 тэрбум тунг өндөр хөгжилтэй 20 орон, 1.5 тэрбум тунг хөгжиж буй орнууд буюу 80 орчим улс, орон худалдан авсан байна.