“КОВИД-19”-ийн халдвар авсан хүн “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг ашиглан хувийн мэдээллээ нууцлан бусдад мэдэгдэх боломжтой

Хатуу хөл хорионы дэглэмийг сулруулах гэж байгаатай холбоотойгоор иргэд хэд хэдэн зүйлсийг анхаарахыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна. Вакциндаа хамрагдах, И-Монголиаас вакцины гэрчилгээгээ авах, “КОВИД-19 ЭРСДЭЛ” аппликэшнээ суулгах нь хүний хөдөлгөөн ихсэх үед хавьтал тодорхойлж, таныг болон таны гэр бүлийг халдвараас хамгаалахад туслана гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. “COVID-19 ERSDEL” систем шинэчлэгдэж бүх тайлбар мэдээлэл нь Монгол хэлээр бичигдээд байна. Тус системийг айпон утастай бол аппликэшн татахгүй сеттингс цэснээс экспосур нотифкэшнийг идэвхжүүлээд хэрэглэх бол андройд утастай иргэд плейстороос “COVID-19 ERSDEL” аппликэшнийг татаад хэрэглэнэ.

“COVID-19 ERSDEL” системийг хэрэглэхдээ иргэд блүтүүтээ байнгын асаалттай байлгах шаардлагатай. Учир нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг 2 метрээс ойр зайд 15 минутаас дээш хугацаанд байсан хүний утасны блүтүүдтэй солилцох юм. Гар утасны bluetooth асаалттай байх нь гар утасны цэнэг, таны датанд нөлөөлөхгүй. Өдөрт ПСР шинжилгээгээр эерэг батлагдсан 1000 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаагийн 80 хувь нь “COVID-19 ERSDEL” системд халдвар авснаа мэдээлж байгаа юм байна. “COVID-19 ERSDEL” систем нь таны байршлыг хянахгүй, цуглуулахгүй, хувийн мэдээллийг хадгалахгүй, дамжуулахгүйгээр таныг халдвар авсан гэдгийг бусдад мэдэгдэх юм. Өөрөөр хэлбэл иргэд таныг халдвар авсан гэж мэдэхгүй, зөвхөн халдвар авсан хүнтэй ойр байсан гэдгээ л мэднэ гэсэн үг.