Энэ он гарсаар эцэг эхийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас 4 хүүхэд амь эрсэджээ

Энэ онд зам тээврийн ослын улмаас 62 хүүхэд гэмтэж, 8 хүүхдийн амь нас хохирчээ. Эдгээр 8 хүүхдийн 4-ийг эцэг эх нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үедээ анхаарал болгоомжгүй, эргэн тойрноо шалгаагүйгээс болж амь насыг нь хохироосон байна. 2021 оны эхний 5 сарын байдлаар нэгээс гурван насны нийт 4 хүүхдийг эцэг эх нь машины хөдөлгөөн эхлэхдээ санамсаргүй дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.  Тодруулбал, 5 дугаар сарын 3-нд Хөвсгөл аймагт портер маркийн автомашины жолооч хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ 1 нас 7 сартай Б-г дайрч амь насыг нь хохироожээ. Мөн Архангай аймагт 1 нас 4 сартай эрэгтэй хүүхэд, Сэлэнгэ аймагт 1 нас 7 сартай хүүхэд, Хан-Уул дүүрэгт 3 настай хүүхдийг гэрийнхээ хашаа, гаднах зогсоолоос гарахдаа санамсаргүй дайрч амь насыг нь хохироосон байна.

Хөл хорио тогтоосон энэ үед ч энэ төрлийн хэрэг буурахгүй байгаа нь эцэг эх асран хамгаалагчид хүүхдэдээ хараа хяналт сул тавьж байгаатай холбоотой гэж албаныхан мэдээллээ. Цаг агаарын байдал дулаарч хүүхдүүд хашаа, гадаад талбайд тоглох нь ихсэж байгаа. Тиймээс нийт эцэг эхчүүдийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үедээ эргэн тойрноо бүрэн шалгаж, анхаарал болгоомжтой байхыг Тээврийн Цагдаагийн албанаас анхаарууллаа.