Манай улсад “КОВИД-19”-ийн халдвар бүртгэгдэж эхлэх үед халдвар авсан нэг өвчтөний эмчилгээний зардалд 6-8 сая төгрөгийг зарцуулж байна гэж холбогдох албаныхан мэдээлж байсан. Тэгвэл эрүүл мэндийн болон сангийн сайдын баталсан “КОВИД-19”-ийн халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх шинэчилсэн журамаар эмчилгээний зардал өвчтөний биеийн байдлаас хамаарч 650.000-аас 4.300.000 төгрөг байна гэж тогтоож өгчээ. “КОВИД-19”-ийн халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх шинэчилсэн журмыг танилцууллаа. Халдвараар өвчилсөн нэг хүний 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардлыг 650.000-аас 4.300.000 төгрөг байхаар тогтоожээ. Мөн “КОВИД-19”-ийн халдварыг илрүүлж оношлох сорьц авсан, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, хөнгөн хэлбэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийг өрхийн эрүүл мэндийн эмчийн хяналтаар санхүүжүүлнэ. Үүнд халдварыг илрүүлж оношлох сорьц авсан ажилтан нэг сорьц цуглуулах тутамд 5000 төгрөг, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтнууд дархлаажуулалтын нэг тунг бүртгэх бүрд 5000 төгрөгийн цалинтай байна.

Ингэснээр өмнө нь яригддаг байсан эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн мөнгөний асуудал шийдэгдэж байгаа юм байна. Өрх, Сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлан эмчлэхэд нэг хүний эмчилгээнд 70.000 төгрөг зарцуулах санхүүжилттэй болсон байна. 2021 оны төсөв батлахад эрүүл мэндийн салбарт 1.4 их наяд төгрөг төсөвлөсөн. Энэ нь эрүүл мэндийн салбарын нэг сарын зарцуулалт 120 гаруй тэрбум төгрөг байна гэсэн үг. Харин он гарсаар 5 сар өнгөрч байхад тус салбарын зарцуулалт 200 гаруй тэрбумын зарцуулалттай, гүйцэтгэл дутуу байгаа учраас дээрх шинэчлэлүүдийг хийж байгаа гэдгийг сангийн сайд хэллээ.